woensdag 10 augustus 2011

Шагайн харваа ухаан төвлөрүүлдэг


…Дундад зууны үеийн баатрын дуулган оройт балгас сууцтан, цагаан алчуурт лалын ертөнцөд юм бүхэн дэг жаягтай бөгөөд сахал тавих хүртэл ёс горимтой байдаг ажээ.
Лалын шашинт орнуудад эр хүн болж, намба суулгаж, сүр оруулан, эхнэр авч, өв залгамжлах эрхтэй болж байна гэсэн утгаар сахал тавихад нэн хүндэтгэлтэй ханддаг гэнэ.
Харин нүүдэлчин монголчууд мөн л хүүхдээ багаас нь ажилд сургахын тулд хурга тугалнаас эхлүүлээд адуу малтай ноцолдон эр бяр суулган, нүүж суухаас эхлээд тэнгийн талд явж эр өсч эсгий сунадаг хэмээн үзэж бие даан амьдрах чадвартай болгодог билээ.
Тэр ч байтугай малчин монгол хүн 1249 төрөл мэргэжлийн ажил хийдэг гэж барин тавин ярьж байхыг ч сонсож байлаа. Харин эцгийгээ амьд сэрүүн байхад сахал тавихыг цээрлэдэг бөгөөд ,өтгөс буурлууд нь нас өндөр нас зооглох үедээ сайхан буурал баваг сахал тавих юмуу ооч, живэр тавьдаг гэнэ.
Тэгээд ч нүүдэлчин монголчууд сахлаар гоёдоггүй ч сахлыг хүндэтгэдэг байсан ажээ. Ёстой хурга хариулсан сайн хүн хоньчин болж, унага татсан хүүхэд адуучин болж, ээжийгээ даган үйл үртэс хийвэл уран бүсгүй болдог гэсэн зарчмаар хүүхдээ хүмүүжүүлдэг ёс билэгтэй ард түмэн бол монголчууд.
Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж дээр үеэс хүндэтгэсээр иржээ. Үүний нэг бол шагайн харвааны соёлын талаар бодож явдаг зүйлээ мэргэн уншигч тантай хуваалцъяа гэсэн юм.
Шагайн харвааны үүсэл хөгжил эрт үеэс улбаатай юм билээ.
Анх нүүдэлчид урт нүүдлийн замд үлгэрээ ярьж, үндэснийхээ тоглоомоор наадаж явсан нь хожмоо отго омгоо хамгаалах, ан хийх, дайн тулаанд хэрэг болж байсан гэдэг.Тэд малынхаа далны ясан дээр богийн шагай тавьж бөгцөг харваж эхэлснээр үүссэн гэдэг. Сүүлдээ хөгжин далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж, зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл 9 тохой хэмжээтэй болгосон гэдэг.
Монголчууд байнга л байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж сөгдөж, босч, сөрж амьдарч ирсэн түүх байдаг юм.
Монголчууд байнга л сөргөлдөөн эвдрэлцээнтэй байсан болоод ч тэрүү үндэсний наадгай нь хүртэл эр бяр сорих, уралдах барилдах, харваж намнах цэрэг дайны зорилготой байдаг нь сонин. Дандаа эр хар зоригоор явна гэж юу байхав. Энд бас ухаанаа уралдуулдаг том сорилт сургуулийн нэг бол яах аргаггүй шагай харвах наадам юм.
Бяр нэгэн биеийнх бол ганц хуруугаараа сум няслан өөрөөсөө арваад метрт байгаа зоосон чинээ бугын ясан хасааг онох гэдэг бол хурууны няс, ухаан хоёрыг холбон орон зайг тооцоолж сурахад нөлөөлдөг ажээ. Энд л хамаг учир байгаа юм. Зурхай дээр байгаа хасааг онохын тулд эхлээд орон зайгаа мэдрэх шаардлагатай, хоёрт ямар хүчээр яаж нясалвал онохоо ургуулан бодож, тархиар дамжсан мэдээллээ дотроо тооцож байж сая гүйцэтгэх буюу сумаа нясална.
Ингэхээр үндэсний шагайн харваа орон зайн мэдрэмжийг тооцож сургадаг байх нь.
Шагай харваж сурсан хүн нум сум харвахад бас орон зайгаа багцаалах, тооцох чадвар илүү байдгийг судлаачид тогтоожээ.
Жишээ нь: Үндэсний баяр наадмын зураг авахаар ирсэн Францын телевизийн сурвалжлагч:
- Монголчуудын үндэсний баяр наадам нь 13-р зууны үеийнх шиг сүртэй бөгөөд дэлхийг байлдан дагуулсан Монголын эзэнт гүрэн ийм л байсан болов уу гэж санагдахаар сүрлэг болдог. Наадаад баярлаад байгаа хэр нь байлдааны бүх бэлтгэлээ хийж байгаа учраас Чингисийн цэрэг байлдааны бэлтгэл сайн байсны нууц нь энд ч байж болох юм гэж хэлсэн байдаг гэнэ.
Бас нэг жишээ: Одоогоос хэдэн жилийн өмнө АНУ-д Монгол Улсаас суудаг Элчин сайдын яаманд ажиллаж байсан,эдүгээгийн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нэг сонин зүйл ярьсныг санаж байна.
Өөрөө шагай сайн харвадаг улсын цолтой хүн учраас Элчин сайдын яаман дээрээ ажлын зав чөлөөгөөр сум тавьдаг байжээ. Түүнийгээ Монголын үндэсний баяраар Америкт суудаг гадаадын элчин сайдын ажилтнуудад сонирхуулжээ.Тэгэхэд шагай харвахыг үзсэн гадны улс хашлага сум болон хурууг нь барьж үзээд байсан гэдэг. Өөрсдөө сонирхон харвах гэхээр сум ”хамар” дор нь унаад байхаар мэл гайхаж цэл хөхөрсөн гэдэг.Тэгээд тэр үед Монголын элчин сайд дипломатч Чойнхор гуай үндэснийхээ баяр наадмын үеэр Монгол орноо сурталчилж шагайн харвааны дэг жаягийг гадны элчин сайдын яамныханд сонирхуулсан юм билээ.
Тэгэхэд эдүгээгийн УИХ-н гишүүн, МШХ-ны ерөнхийлөгч, залуу дипломатч Я.Батсуурь шагай харвааны зурхай, хашлага, сум, хасаа, зэргийг тайлбарлаж өгөхөд маш сонирхон, үр дүнтэй сурталчилгаа болсон гэдэг. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр ОХУ-д элчин сайд байхдаа Монголын шагайн холбооны ерөнхийлөгч Басхүү болон хэсэг шагайчдыг урьж орос ах нарт үндэсний шагайн харваагаа сонирхуулахад хойд хөршүүд маань хүртэл гайхаж байсан гэдэг.
Бүр С.Баяр сайд сум тавьж байгаа зурагтай ”Монголчууд Москвад шагай харваж айраг уув” гэсэн мэдээ төвийн хэвлэлд хүртэл гарч байсныг санаж байна.
Үндэсний шагайн харваа ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэнэ.
Тухайлбал ямар ч наадам дээр наадамчид ямар бөх, морь, харваачид ирснийг л асуудаг. Нэг багийн 6-7 хүн ямар ч үед зовлон жаргалаа байнга хуваалцдагийг мэднэ. Шагайчид ахмадуудаа их хүндэтгэнэ. Харваж байгаа үед архи уухыг цээрлэнэ.
Хаа ч явсан шагайчид бие биенээ сайн мэддэг юм билээ.Тухайн үед шагай харвахыг хориглож байсан учраас бараг үндэсний наадгайн нэг гэхээсээ илүү ажилгүй хүний зугаа гэж үзэж байсан учраас харвадаг цөөн хүмүүс бие биенээ мэддэг байсан болов уу?
Шагайчдын үерхэл нөхөрлөлийн тухай жишээ сонирхуулъя. Үүнийг Дорноговь аймгийн ахмад харваач Монгол Улсын Хүндэт мэргэн “паап” хэмээх Дүгэрсүрэн гуай хуучилсан юм.
Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллаж байсан алдарт харваач “шар” хэмээх Бархасын гэр бүл Тавантолгойгоос нүүрс ачихаар хэдэн машинтай гарчээ. Ажил тарчихсан уурхайн улаан буланд хэдэн жолооч бололтой эрчүүд сум тавиад сууж байж гэнэ.
Дарга цэргийг нь гуйгаад хөдөлдөггүй. Аргаа бараад нөгөө хэдэн шагайчид ирж :
-Ардаа чухал ажилтай байдаг яаядаа байз. Манай нөхөр гэж та нар шиг өдөр шөнөгүй үхсэн бугын ясан дээр өдөр шөнөгүй хашгирсан амьтан л байдаг юм.Та нар ч гэж та нар гэтэл тэдний дунд сууж байсан нэг эр нөгөө бүсгүйгээс:
- Таны нөхрийн алдар хэнсэн билээ гэж .Яарсан бүсгүй манай өвгөнийг ”шар“ Бархас гэдэг дээ гэтэл нөгөө шагай харваж суусан эрчүүд шуугилдаад явчихаж.Тэгснээ юу юугүй гарцгаан нүүрс ачдаг бульдозероо асаан тэр дор нь машиныг ачиж өгөөд нөгөө ахимаг эр:
-Бид шагайны найзууд байгаа юмаа хөө.Таныг удаасан бол уучлаарай гээд эхнэрт нь нэрээ хэлж мэнд мэдэж байна гэж дамжуулаарай гэхэд баярласан бүсгүй:
- Та нар чинь ийм улс байсан юм бий. Муу өвгөнөө шагайнд явлаа гэж аашилдгаа л больё гэсэн гэдэг.Тэр бүсгүйн нөхөр, нүүрс ачиж өгсөн эр хоёр халхын алдартай харваачид байсан гэдэг хэмээн дурсаж билээ.
Тэгээд ч шагайн харваа эрт үеэс уламжлалтай бөгөөд хүүгээ есөн тохой харваж сурахад нь эр хүн боллоо гэж нум сум авч өгдөг байсан гэдэг.
Монголд ардын хувьсгалын өмнө ч харваж байсан бөгөөд маршал Х.Чойбалсан өөрөө шагайн хорхойтой байсан төдийгүй эрийн гурван наадамд оруулж байсан бөгөөд өрлөг жанжнаар шалгарсан манлай маань Бум хурандааг уруу татан нэг бус удаа төв чаатарт шагай харваж байсан гэдэг.
Монголд нэртэй том шагайн тойром олон байсан бөгөөд Богдын таалсан Бадын бөөр, Сэрвэн сухай, Хонхорын тойромд данщиг наадамд морилж явахдаа очиж байсан гэдэг.
Мөн их хатан Дондогдулам нь ордны урчууд, үйл үртэс хийдэг хүүхнүүдээ шагай харвуулаад сургачихсан бөгөөд сайн харвадаг хэдэн хүүхнүүд ордны сойвонгуудтай шагай харваад хожиж байсныг Богд хаан дуулаад нэг удаа их хатандаа:
-Энэ үнэн үү? гэхэд хатантан:
-Хөх зүү хөндлөн хатгасаар байтал уран үйлчин бүсгүйчүүд уйддаг юм гэсэн. Таны ариун нэр, алтан төрд тань харшлахгүй бол хааяа шагай харвуулж байвал яасан юм гэхэд хаантан:
- Юу нь харшлааждээ? Болох л юм гэж ам алдуулснаас хойш Дондогдулам хатантан тусгай баг бэлтгэж “уран” Янжин гэдэг бүсгүйгээр ахлуулсан баг олон удаагийн наадамд харваж байсан гэдэг.
Тэгэхдээ сүүдэр зэрэгцсэний, далай даншиг хоёроос бусад наадамд оролцдог байсан бөгөөд сүүлдээ Зуутын алтан Янжингийн баг гэдэг цуутай хэдэн хүүхэн байсан гэдэг.Тэд их хатны ивээлд багтан түүний зөвшөөрлөөр ноёд баячуудыг цэнгүүлэх маягаар бооцоотой хүртэл харвуулж байсан гэдэг.
Их хатан Янжин ахлагчтай долоон үйлчин хүүхнээ ихэд хайрладаг төдийгүй нэг удаа бие чилээрхсэн үедээ хүүхнүүдээ дуудаж ирүүлэн Богдын сан хөмрөгөөс нэжгээд гэр гаргуулан тус бүрт нь өгөхдөө хүзүүнийхээ зүүлтний гинжийг таслан шүр сувдыг нэг бүрчлэн өгөөд:
-Энэ найман ширхэг байсан юм. Та долоо эвтэй яваарай, ядарсан үедээ хэрэглэнэ биз.Хүзүүндээ зүүж явцгаа. Би үлдсэнийг нь зүүнээ. Чухал хэл өгүүлбэл би энэ зүүлтийг явуулна. Тэр хүн миний зүүлтийг үзүүлэх байх. Тийм хүн очвол ирцгээгээрэй гэж захиад ордны үйлчин хүүхнүүдээ нутагт нь буцаасан гэдэг.
Тэр үед хатан их сэтгэл нь хөдөлж бие нь муу байсан ч хүүхнүүдээ өөрөө ордныхоо үүдэн дээр гарган үдэж өгч байсан юм гэдэг.
Түүнээс хойш удалгүй хаан таалал төгсөж их хатан сул хатан болж хөрөнгө сангаа хязгаарлуулан үйлчин бүсгүйчүүдээ дахин цуглуулж чадаагүй юм гэнэ лээ.
Ингэхээр шагай ч зөвхөн эрчүүдийн наадам ч бас биш байсан бололтой. Тээр сүүлд буюу1970-аад онд Дундговийн театрын жүжигчин бүсгүйчүүд айхтар харвацгаадаг байсныг үзсэн Дорноговь аймгийн ХДТ-ын ахмад жүжигчин агсан Б.Санжмятав гуай:
-Эмэгтэй хүн шагай харвах гээд сууж байгаа нь эвгүй юм билээ. Хуруу гарны хувьд ярих юм байхгүй. Ёстой нэг арилгасан сонгино шиг сүмбэн цагаан хуруугаар шап хийлгэнэ шүү дээ. Базарваань. Уухай нь сайхан гэж юухэв?
Түүнийг харсан жанжин Сүхбаатарын дүрд тоглосон гавьяат Дашнамжил тэднийг хараад нэг их сайхан инээж байж билээ гэж над хуучилж билээ. Ямар ч байсан Монголын үндэсний наадам шагайн харваа бол хүний бодол санаа, ухааныг төвлөрүүлдэг орон зайн мэдрэмжийг хөгжүүлэхэд гойд сайн дасгал болж, ямарваа нэг зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байхад онц ашигтай спорт гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Шагай харвах үед харваачийг гол дэмждэг зүйл бол уухай. Төв халхын уухай, Дөрвөд далай ханы, баяд, урианхай боржигин уухай гэж нутаг оронд арай өөр өөр байдаг ажээ. Өнөөдрийн хувьд шагайчид голдуу төв халхын боржигин уухайгаар наадах болжээ.
Уухай нь морины цол, гийнгоо, сурын уухайтай тун төстэй бөгөөд өөрийн талын харваачаа дэмжин цоллож урам өгч байгаа зүйл юм.
Дорноговь аймгийн хойд тал, Дундговийн зүүн хойд талын суманд Зуутын уухай гэж арай өвөрмөц уухай байдаг бөгөөд энэ уухайг Дундговь аймгийн Өндөршилийн Пүнжигаа хэмээх Пүрэвсүрэн, Батсүх , Айраг сумын ахмад харваач Сүрэнхор нараас бусад хүн мэддэггүй, бараг мартагдах шахсан уухай байдаг гэнэ.
Сүүлийн үед шагайн спорт хөгжиж сум хэрэглэл сайжирсан байна. Халуун орны улаан зандан, хүрэн суман хашлага, буу, агар зандан тохой, говийн яшил зандан зурхай зэрэг ховор нандин шагайн хэрэгсэл хэрэглэх болжээ.
Дорноговь аймгийн Иххэт суманд амьдран суудаг Айраг сумын уугуул нэрт харваач Дөшийн дүү Д.Чулуунсуурьт арав гаруй кг хүнд Яшил зандан зурхай одоо ч хадгалагдаж байна.
Мөн үлэмж дархан мэргэн Баясгалан харваачид улсад нэртэй “налгар” хүрэн хэмээх алдартай зурхайн мод байна.
Энэ зурхайг хийсэн мод Даланжаргалан сумын нэрт харваач Насанбуян гэдэг хүнээс улбаатай бөгөөд Богд хааны музейгээс1940 оны үед акталсан зүйл дотроос авсан гэдэг. Сургийг сурвалжлахад Богд хаан Жавзандамба хааны нойрсдог орны мод бөгөөд халуун орны хүрэн зандан гэнэ.
Мөн сүүлийн үед алдаршаад байгаа цуутай гоёмсог зурхай бол Дархан хотын прокурор Жамбалын Баярсүрэнгийн Лаосын улаан зандан зурхай, Дорноговийн Айраг сумын Д.Чулуунсуурийнд хадгалагдаж буй Яшил зандан зурхай хоёр гэнэ.
Яшил, зандан мод хоёр аз дууддаг, гурван тусгалтай эзэндээ сайн энерги дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг тул нутгаасаа гадагш зарах, гаргахыг цээрлэдэг учиртай юм гэнэ.
Үндэсний баяр наадмын төрөлд орсон шагайн харваа өдөржин шөнөжин тоглохыг эс тооцвол биеийн эрүүл мэндэд сайн болохыг спортын анагаах ухааныхан тогтоожээ.Тухайлбал нэг удаагийн тойромд оролцсон харваач 350-410 удаа босч суун, өдөр бүр 2,5-3 км газар явган явсан тооцоо гарчээ.
Шагайчдын оноо хуруундаа гэдэг шиг сайн харваачид олон байжээ. Тухайлбал маршалын мэргэн харваач шар Паламын тавьсан сум хасаагаа оночихоод гарт нь ирж байсан, Баян бөөрийн лам Дэндэв гэдэг хүн майхны гадсан дээр хасаа тавьчихаад байтуулж байсан, Алаг гарт Түдэв мэргэн хөөрөгний толгой нааж байсан галзуу үзмээр дүүжингийн мөнгө наахад онож байсан, Дорноговь аймгийн Айраг сумын Ч.Дөш гуай шагайн тойром дуустал гурав хоногт нэг ч сум алдаагүй зэрэг алдартай харваачид олон байжээ.
Юутай ч гэсэн өвгөдөөс минь уламжилж ирсэн нүүдэлчдийн соёлын нэг шагайн наадгай оюун санааг төвлөрүүлэхэд гойд нөлөөтай гэдэг нь нэгэнт батлагдаад байна.
Шагай харваа олон сайхан монгол эрчүүдийг зөв шийдвэр гаргаж оюун ухаан, хүч чадлаа төлөрүүлэхэд үеийн үед түшиг болсон гэдэгт эргэлздэггүй. Шагайн уухай шуранхайлж, оноо бүрэн, хараа хурц байх болтугай.
Б.Төмөрпүрэв

Geen opmerkingen:

Een reactie plaatsen